1. Д аминдэм нь маш өвөрмөц даавар бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг. Монгол Улс хойд өргөргийн 480-т оршдог, нарны ташуу тусгалтай байдгаас хүн ам нь Д аминдэмийн дутагдалд өртөмхий байна. Агаарын бохирдол, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэдэггүй зэрэг нь дутагдлыг улам гүнзгийрүүлдэг ажээ. 

2. Насанд хүрсэн хүн усны хувцастай багахан хугацаанд биеэ наранд шарахад (24 цагийн дараа арьс бага зэрэг улайх хэмжээний)  10,000- 25,000 ОУН Д аминдэмийг  уусантай тэнцдэг. Судалгаагаар газарзүйн байрлал, агаарын бохирдол зэргээс шалтгаалж бид бүхэн нарнаас Д аминдэмийг хангалттай авч чадахгүй байна. 

3. Д аминдэмийн байгалийн эх үүсвэр нь нар ба далайн гүний загас, ургамал зэрэг хоол хүнс. Өндөг, элгэнд Д аминдэм маш бага хэмжээтэй агуулагдана. Нар, Д аминдэмээр баялаг хоол хүнс ба баяжуулсан хүнс, нэмэлтээр Д аминдэмийн бэлдмэл хэрэглэж дутагдлаас сэргийлж болно.                

4. Д аминдэмийг нэмэлтээр уухын өмнө заавал цусны шинжилгээ өгөх нь зүйтэй. Гэхдээ та шинжлүүлэхдээ гадаад, дотоодын чанарын баталгаат итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлээрэй.

5. Цусны ийлдсийн 25(OH)D-г шинжлэх нь Д аминдэмийн дутагдлыг илрүүлэх гол үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь цусанд 30-40 нг/мл байх ёстой.

6. Шинжилгээ өгөөд та Д аминдэмийн дутагдалтай гэж гарч ирэх юм бол хамгийн найдвартай буюу олон улсын эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн аминдэмийг авч уух хэрэгтэй. Судлаачид Д аминдэмийн чанар, аюулгүй байдал, хяналтанд анхаарлаа хандуулахыг зөвлөдөг юм.

7. Насанд  хүрсэн хүний Д аминдэм хэрэглэх хоногийн зохимжит тунг 1000-4000 IU хэмээн судлаачид зөвлөжээ (Institute of Medicine, and Endocrine Society Recommended Vitamin D intake  (2011)

8. Д аминдэмийн хагас задралын хугацаа нь дунджаар хоёр долоо хоног байдаг тул хичнээн өндөр тунтай уулаа ч үүний дараа Д  аминдэм нь задраад алга болчихдог байна.  Тэгэхээр бид сард нэг удаа хүүхдэдээ өндөр тунгаар Д аминдэм өгчихөөд болчихлоо гэж үзэж байвал энэ нь хангалтгүй. Сүүлийн үед сард нэг удаа Д аминдэмийг тариулаад дутагдлаас сэргийлнэ гэдэг мэдээлэл нь ташаа ойлголт юм. Учир нь 2-3 долоо хоногийн хугацаанд Д аминдэм задраад таны биемахбодиос гадагшлах тул өдөр бүр зохих тунгаар уух нь хамгийн тохиромжтой болохыг судлаачид зөвлөж байна.  

9. Д аминдэмийг өдөр тутамд шаардагдах физиологийн тунгаар байнга хэрэглэх нь хүн эрүүл байх, дархлааны хэвийн үйл ажиллагааг хангах үндэс нь болдог.

10. Д аминдэм нь моноцит, кератиноцит, нейтрофил эсийн LL-37 уургын илрэлийг зохицуулдаг. Бактерийн халдвар, гэмтлийн нөлөөгөөр моноцит, креатиноцит эсэд TLR-ийн хариу урвал өрнөж, LL-37 уургыг өдөөхөд Д аминдэм чухал үүрэгтэй юм. Олон өвчний эмчилгээний Д аминдэмээр HDP (LL-37, HDP)-ыг нийлэгжлийг өдөөх байдлаар үргэлжилж байна (Robert E.W.Hancock, Evan F.Haney, Erin E.Gill (2016) The immunology of host defence peptides: beyond antimicrobial activity. Nat Reviews Immunol. 16: 321–334 (2016) doi:10.1038/nri.2016.29)

11. Кроны өвчтэй хүмүүст хийсэн эмнэлзүйн туршилт судалгаагаар Д аминдэм нэмэлтээр хэрэглэсэн өвчтөнд LL-37 агууламж нэмэгдэж, амьдралын чанар дээшилсэн үр дүн гарсан байна. Энэ чиглэлд нэмэлт судалгаа шаардлагатай байгаа ажээ. Чихрийн шижинтэй өвчтөний хөлийн шархнаас бэлдсэн анхдагч эсийн өсгөвөрт Д аминдэмээр үйлчлэхэд хүний нейтрофилийн пептид, LL-37 ялгарал нэмэгдэж, шархны эдгэрэл түргэсжээ.  

12. Д аминдэмийн дутагдлаас шалтгаалж яс сийрэгжих, яс зөөлрөх, сульдаа өвчин үүсдэг. Халдварын эсрэг дархлаа суларч, амьсгалын замын халдварт өвчин, сүрьеэгээр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Түүнээс гадна хөх, түрүү булчирхай, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчилдөг. Д аминдэмийн дутагдалтай хүмүүс тархмал хатуурал, хайрст үлд, ревмокардит, чихрийн шижин өвчин, артерийн даралт ихдэх өвчинд нэрвэгддэг байна.

 

Нийтлэлч:

АУ-ны доктор, Л.Энсайхан

Имэйл хаяг: info@mhi-g.org  

 



© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв