Сүрьеэ өвчин гэж юу вэ?

Сүрьеэ нь нийгмийн халдварт өвчинд тооцогддог бөгөөд үүсгэгч нь сүрьеэгийн савханцар буюу микобактери (M. tuberculosis) юм.  Сүрьеэгийн савханцар нь голчилон уушгийг сонгомлоор гэмтээдэг боловч тархи нугас, бөөр, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг өвчлүүлдэг. Гэвч аль эрхтнийг гэмтээх эсэх нь халдварын хэлбэрээс (анхдагч болон хоёрдогч эсэх) шалтгаалдаг. Сүрьеэгийн савханцрын анхдагч халдварын дараа шууд сүрьеэ өвчин үүсвэл анхдагч, харин сүрьеэгийн эсрэг тодорхой дархлаа бүхий биед үүсвэл хоёрдогч сүрьеэ гэнэ. Иймээс урьд нь халдварлагдсан тохиолдол хоёрдогч хэлбэрээр өвчилдөг бөгөөд дархлаатай бие махбодод үүсдэг учир анхдагч сүрьеэ шиг цус, тунгалгаар нян тархан эргэлдэхгүй, голдуу голомтлог, тухайн эрхтэнг гэмтээх хандлагатай байдаг.

Анхдагч, хоёрдогч хэлбэрийн сүрьеэ өвчнөөр өвдсөн эсэх нь тухайн хүний өвчний тавилан, эмчилгээний явцад чухал нөлөөтэй. Эдгээр хэлбэрийн талаар мэдсэнээр өвчтөн дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Сүрьеэгийн халдвар нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Ялангуяа халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нянгууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна. Гэвч халдвар авсан хүмүүсийн 5-15% орчим нь л сүрьеэгээр өвддөг. Сүрьеэгийн халдвартай хүнтэй цуг байнга байж халдвар нэмж авах нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим хүмүүсийн биеийн дархлаанаас шалтгаалан нянгууд бүр мөсөн устахгүй, унтаа байдалд шилжин биед хадгалагддаг. Үүнийг бид сүрьеэгийн далд халдвар (СДХ) гэж нэрлэдэг.

Бид СДХ-ын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаарт нийтлэх болно. 

Нэгэнт халдвар авч сүрьеэгээр өвдсөн хүнд 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, ядарч сульдах, турах, хоолонд дургүй болох, халуурах, шөнө хөлрөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Эхний ээлжинд туберкулины сорил, иммуноглобуин гамма тодорхойлох шинжилгээ, цээжний рентген зураг, цэрний шинжилгээ зэргийг хийдэг.

Гэвч зөвхөн дээрхи шинж тэмдэг илэрсэн тохиолдолд үзлэгт хамрагдах бус, таны ойр хавьд;

  • Сүрье‎‎эгийн халдвартай хэлбэр бүхий өвчтөнтэй хамт байсан бол
  • Та ХДХВ-ийн халдвартай э‎свэл сүрьеэгээр өвчлөх ‎эрсдэл бүхий нөхцөл байдалд байгаа бол
  • Та сүрье‎эгийн өвчлөл өндөртэй оронд амьдардаг буюу очиж байсан бол (Ази, Латин Америк, Африк гэх мэт)

сүрье‎эгийн халдвар авсан эсэхээ тодорхойлуулах шинжилг‎ээ хийлгэх шаардлагатай юм.

Хэрвээ та сүрьеэгээр өвчилсөн нь батлагдвал айж сандрах хэрэггүй. Учир нь сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу тасралтгүй зөв горимоор нь хийлгэсэн тохиолдолд сүрьеэ бүрэн эдгэрэх боломжтой.

Сүрьеэгийн эсрэг эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан ууж хэрэглэдэг. Учир нь зарим эм нь нянг устгах үйлчилгээтэй байдаг бол зарим нь нян эмэнд дасалтай болохоос сэргийлж, нөгөө хэсэг нь ариутгах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ эдгээр эмүүдийг өөр өвчний болон сүрьеэгийн эсрэг эмчилгээнд тохирсон бус тунгаар, эмчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэх нь эмийн дасалтай нянг үүсгэх, бүрэн эдгэх боломжоо алдах аюултай юм. Сүрьеэ өвчний эсрэг эмчилгээг эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор 6-8 сар хийлгэнэ.

Үүнээс гадна халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн хүн бусдад халдвар тараахгүй байхын тулд эмчилгээ, шинжилгээг цаг тухай бүрд нь өгч, ханиалгах, найтаах үедээ байнга амаа таглах, маск зүүх, тусгай цэр цуглуулагч сав хэрэглэх хэрэгтэй. Сүрьеэгийн халдвартай хүн 14 хоног эмчилгээгээ тогтмол хийлгэхэд халдваргүй болдог ба цаашид үргэлжлүүлэн дуустал нь хийлгэх хэрэгтэй.

Та сүрьеэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, Асуулт Хариулт булан болон бидний дараагийн нийтлэлийг уншина уу.

Эрүүл-сүрьеэгүй нийгэм бүтээхэд хүн бүрийн оролцоо нэн чухал юм.

 

Нийтлэлч: Г.Ганцэцэг

 

Имэйл хаяг: info@mhi-g.org



© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв