Д амин дэмийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох 1,25 дигидрокси-Д3 нь хүний биеийн кальци фосфорын солилцоог зохицуулснаар ясны бат бөх чанарыг хангадаг. Түүнчлэн булчингийн хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд тархи, түрүү булчирхай, хөх болон бүдүүн гэдэсний эдүүдэд, мөн дархлааны эсүүд дээр Д амин дэмийн рецепторыг нээн илрүүлсэн юм. Д амин дэм нь зүрх судасны өвчин, бүдүүн шулуун гэдэсний хавдар гэх мэт халдварт бус 10 гаруй өвчний эрсдэлийг бууруулах, цаашилбал олон халдварт өвчнөөс сэргийлэхэд нөлөөлөх ач холбогдолтой. Д амин дэм нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд нийлэгждэг. Гэхдээ өнөө үед нийгэм болон орчны нөлөөллөөс үүдэлтэй энэхүү нийлэгжилт хангалттай явагдаж чадахгүй байгаа. Тиймээс хоол хүнсэндээ Д амин дэм нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна. АНУ-д 9 – 70 настай хүмүүсийн өдөрт хэрэглэх Д витамины түвшинг 15 мкг (600 ОУН) хэмээн зөвлөдөг. Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг хоол хүнсэнд Д амин дэм тодорхой хэмжээнд агуулагддаг боловч амьтны гаралтай тэдгээр бүтээгдэхүүнүүдийг маш их хэмжээтэй хэрэглэж байж өдрийн хэрэгцээт Д амин дэмээ олж авдаг. Эдгээр нь мах, үхрийн элэг, бөөр, сүү, өндөг, загас далайн гаралтай бүтээгдэхүүнүүд болно. Насанд хүрсэн хүн нэг өдрийн хэрэгцээгээ хангахын тулд дор хаяж 1.6 кг үхрийн мах, 1.9 кг үхрийн элэг, 500 г буюу 12 ширхэг өндөг, 15 кг цэвэр сүү хэрэглэх шаардлагатай болдог. Хүүхдүүдийн хувьд үүнээс илүү өндөр хэрэгцээ гарч ирэх юм. Түүнчлэн Монгол орны хувьд өдөр тутмын хоол хүнсэндээ загас, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг өргөн хэрэглэдэггүй. Тиймээс хүн бүр ялангуяа өсөн торниж буй хүүхэд багачууд Д амин дэмийг нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.



© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв