ЖИРЭМСНИЙ ХОЖУУ ХОРДЛОГО БА Д АМИНДЭМ

Жирэмсэн үеийн эрүүл амьдралын үндсэн бүрэлдэхүүнд зохистой биеийн хөдөлгөөн, зохистой хоол хүнсний хэрэглээ, нэмэлт аминдэм ба минералын хэрэглээ, архи тамхи бусад хорт бодисоос зайлсхийх зэрэг багтдаг. Энэ удаад бид жирэмсэн үеийн аминдэмийн хэрэглээ ялангуя Д аминдэмийн дутагдал эхийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэе.

Жирэмсэн үед ихэнхи аминдэмийн хэрэглээ нэмэгддэг. Д аминдэм нь тосонд уусдаг бөгөөд нарийн гэдсээр кальцийн шимэгдлийг нэмэгдүүлж, ясны эрдэсжилт төдийгүй өсөлтийг өдөөдөг. Жирэмсний хугацаанд Д аминдэмийн дутагдал элбэг байдаг нь маш олон судалгаагаар батлагдсан. Эхэд Д аминдэм дутагдсанаар араг ясны гоместазын эмгэг, төрөлхийн рахит, шинэ нярайд ясны хугарал тохиолдох, жирэмсний чихрийн шижин, дутуу төрөлт зэргийн шалтгаан болдог. Урд нь бид Д аминдэмийг ясны эрүүл мэндэд сайн гэж үзэж байсан бол сүүлийн жилүүдэд маш олон эрхтэн системд чухал үр нөлөөтэй гэдгийг тогтоосон. Д аминдэмийн дутагдал нь жирэмсний хожуу хордлого буюу манас таталт өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Д аминдэм нь ихэсийн өсөлт хөгжилт болон ихэсээс ураг руу явах цусны эргэлтэнд чухал нөлөөтэй.

Жирэмсний хожуу үеийн хордлогын үед цусны даралт болон шээсэн дэх уургийн хэмжээ ихсэх, гар, хөлийн шилбэ, их биеэр хавагнах илэрхий шинж тэмдэг илэрдэг. Энэ нь жирэмсний 2-р хагасын сүүлч ба 3-р хагаст тохиолддог хүндрэл юм. Хэрвээ жирэмсний хожуу үеийн хордлогыг эмчлээгүй тохиолдолд эх болон хүүхдийг үхэлд хүргэж болох аюултай юм. Жирэмсний хожуу үеийн хордлого гүнзгийрвэл ихэс ба умайд хангалттай цус очиж чадахгүй учраас хүүхдийн өсөлт хоцорч эхэлнэ. Энэ нь дутуу төрөх хамгийн эхний шалтгаан болж өгдөг. Монгол улсын хүн амын дунд Д аминдэмийн дутагдал (сийвэнгийн 25-гидроксивитамин Д-гийн түвшин <20 нг/мл эсвэл 50 нмоль/л) өргөн тархалттай, бөгөөд өвлийн улиралд Д аминдэмийн дутагдал илүү байдаг. Мөн жирэмсэн үеийн артерийн даралт ихсэлт, жирэмсний хожуу хордлого зэрэг жирэмсний хүндрэл харьцангуй өндөр буюу нийт жирэмслэлтийн 5.9%-33% (дэлхийн ихэнх улсад 5%) байдаг зэрэг нь жирэмсэн эмэгтэйчүүд Д аминдэмийн дутагдал түүнээс шалтгаалах өвчин эмгэгт өртөмтгий байгааг харуулж байна. Тухайлбал; Харвардын их сургуулийн багш Др.Ганмаа болон түүний багын хийсэн Монгол улсын судалгаагаар нөхөн үржихүйн 18-44 насны эмэгтэйчүүдийн 99%-д 25-гидроксивитамин Д -гийн түвшин 20 нг/мл –ээс бага буюу Д аминдэмийн дутагдалтай гэсэн үр дүн гарсан. Жирэмсэн эмэгтэйчүүд Д аминдэмийн дутагдалд өртөх маш олон шалтгаан байна. Эдгээрээс дурьдвал; Монгол улс газарзүйн хувьд хойд өргөргийн 48° байрласнаар хэт ягаан туяаны богино долгион агаар мандлаар шүүгдэж арьсанд Д аминдэм нийлэгжихэд шаардагдах туяа хангалтгүй хэмжээнд хүрдэг бөгөөд энэ нь ялангуяа 4 сараас 10 саруудад илүү тохиолддог.

Цаашилбал, Монгол хүмүүс Д аминдэмээр баялаг загас, загасны тос зэрэг хоол хүнсийг хэрэглэдэггүй, физиологийн хувьд жирэмсэн үед ихэнхи аминдэмийн хэрэглээ нэмэгддэг зэрэг нь Д аминдэм дутагдахад нөлөөлдөг байна. Харьцангуй эрүүл жирэмсэн болон хөхүүл эх өдөрт 15микрограмм (600 ОУН) Д аминдэм авч байхад хангалттай гэж тогтоосон. Харин жирэмсний хожуу хордлого өвчний эрсдэл бүхий эмэгтэйчүүдэд Д аминдэмийг өдөрт 800-1200 ОУН тунгаар уухыг зөвлөсөн судалгаанууд маш олон байна.

Гэвч одоог хүртэл Д аминдэмийн ямар тун жирэмсний хожуу хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байна. Ихэнх хүмүүс 600 ОУН Д амин дэмийг хоолноос авч чадахгүй учир нэмэлтээр заавал авах хэрэгтэй юм. Д аминдэм ба жирэмсний хожуу үеийн хордлогын холбоо хамаарал хэр хүчтэй байх нь хамаагүй, Д аминдэмийн дутагдалгүй байх нь ээж ба хүүхдийн эрүүл мэндэд маш чухал юм.

Нийтлэлч: Г.Ганцэцэг

Имэйл хаяг: info@mhi-g.org



© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв