Д АМИНДЭМИЙН ТАЛААРХИ НИЙТЛЭГ АСУУЛТ, ТҮҮНИЙ ХАРИУЛТУУД

Асуулт 1. Д аминдэм гэж юу вэ?

Хариулт. Д аминдэм нь тосонд уусдаг аминдэм, мөн даавар гэж тооцогддог. Энэ ч утгаараа хүний бие махбодид маш олон төрлийн нөлөө үзүүлж, олон янзын архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг.

 

Асуулт 2. Д аминдэм бие махбодид зайлшгүй шаардлагатай юу ?

Хариулт. Тийм. Учир нь Д аминдэм дутагдсанаар олон эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог.  

 

Асуулт 3. Хүүхдэд Д аминдэм ямар нөлөөтэй вэ?

Хариулт. Хүүхэд ахуй насанд ясны эдийн хөгжил эрчимтэй явагддаг учраас өсөлт хөгжилд шаардагдах Д аминдэм болон кальцийн дутагдалгүй байх нь хүүхэд рахит өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад ясны хэлбэр алдагдахгүй байх чухал нөлөөтэй.

 

Асуулт 4. Насанд хүрсэн хүнд Д аминдэм ямар нөлөөтэй вэ?

Хариулт. Д аминдэм дутагдсанаар насанд хүрэгчдэд яс зөөлрөх өвчин, халдварын эсрэг дархлаа сулрах, өндгөвч, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хавдар, сэтгэл гутрал, шизофрени, чихрийн шижин 1 ба 2-р хэлбэр, үений үрэвсэл, псориаз, зүрх судасны өвчин, жирэмсний даралт ихсэлт, манас таталт өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг дэлхийн эрдэмтэд тогтоогоод байна.  Тиймээс цусан дахь Д аминдэмийн хэмжээг хэвийн хэмжээнд тогтмол байлгах нь дээрхи өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

Асуулт 5. Д аминдэмийн дутагдал гэж юу вэ?

Хариулт. Монгол хүний Д аминдэмийн цусан дахь хэвийн хэмжээг хэд байх ёстой талаар нарийвчилан хийгдсэн судалгаа хараахан хийгдээгүй байна. Гэвч дэлхий нийтээр цусны сийвэн дэх Д аминдэмийн хэмжээ ≥20 нг/мл байхыг хэвийн гэж үздэг. Хэрэв <20 нг/мл -аас бага удаан хугацаагаар явбал Д аминдэмийн дутагдалд ордог.

 

Асуулт 6. Д аминдэмийн илүүдэл гэж юу вэ?

Хариулт.  Д аминдэм цусанд хэт ихсэхэд гарах гол сөрөг үр дагавар нь цусан дах кальцийн хэмжээ ихсэх (гиперкальцеми) юм. Д аминдэмийн тунг хэтрүүлсэнээс шалтгаалах гиперкальцеми ховор, цусан дах 25(OH)D-ийн түвшин >100 нг/мл буюу 10000 ОУН Д аминдэмийг олон сарын турш хэрэглэсэн тохиолдолд илэрдэг байна.[1] Өдөрт 10000 ОУН-ээс бага тунгаар хэрэглэсэн үед гиперкальцеми үүссэн тохиолдол үгүй.[2]

 

Асуулт 7. Гиперкальцеми гэж юу вэ?

Хариулт. Гиперкальцемийн үед дараах шинж тэмдэг илэрч болно. Үүнд: сульдах, дотор муухайрах, өтгөн хатах, олон шээх, хэт цангах, булчин сулрах орно.  Цусан дах Д аминдэм хэрэглэснээс хойш 2 сарын дараа оргил түвшинд хүрдэг [3]. Тиймээс энэ үед цусан дах кальцийн хэмжээ ≥10.2 мг/дл-т хүрсэн тохиолдолд аминдэмийн хэрэглээг зогсоодог.

 

Асуулт 8. Д аминдэмийг хэрхэн хэрэглэх вэ?

Хариулт. Та Д аминдэмийн бэлдмэлийг уух болон тарилгаар хэрэглэж болно.

 

Асуулт 9. Д аминдэмийг ямар тунгаар уух вэ?

Хариулт. Д аминдэмийг хэрэглэх тун хүн бүрт харилцан адилгүй учир нь таны хоол хүнснээс авах Д аминдэмийн хэмжээ болон урьд нь Д аминдэмийн дутагдалтай байсан эсэхээс шалтгаална. Жирэмсэн болон 71 –ээс дээш насны хүн өдөрт 800 ОУН, эрүүл 1-70 насны хүн өдөрт 600 ОУН, 0-12 сартай хүүхэд өдөрт 1000 ОУН тунгаар уухыг зөвлөдөг. Гэвч хүүхэд рахиттай эсэх, насанд хүрсэн хүн архаг  хууч өвчинтэй эсэхээс шалтгаалж дээрхи тун нэмэгддэг. Жишээлбэл: артерийн даралт ихсэлттэй хүнд өдөрт 1800 ОУН, экзем өвчний үед –ээр өдөр бүр уухыг нарийн мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

 

Асуулт 10. Д аминдэмийн дутагдлыг ямар арга замаар нөхөж болох вэ? 5 цулаар нөхөж болно гэж байсан энэ нь ямар учиртай юм бол? дэлгэрэнгүй тайлбар өгч болох уу?

Хариулт. Д аминдэмийг хүний бие махбод 2 арга замаар авч болдог.

1-р арга зам нь Нар: Нарны нил ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дор байрлах Д аминдэмийн идэвхигүй хэлбэр нь идэвхитэй хэлбэрт хувирдаг боловч монгол улс нь газарзүйн хувьд хойд өргөрөгийн 48 градуст оршдог учраас Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авах боломжгүй байдаг.

2-р арга зам нь Хоол хүнс: Монголчуудын хэрэглэж буй хүнсэн дотор үхрийн элэг, өндөг хоёрт л Д аминдэм багахан хэмжээгээр агуулагддаг ба үхрийн элгийг өдөрт 1.5кг, өндөгийг өдөрт 15-20 ширхэгийг идэж байж өдөрт авах ёстой Д аминдэмээ авах боломжтой юм.

Их хэмжээний таван цулыг бид өдөр бүр хэрэглэх боломжгүй учир, Д аминдэмийн бэлдмэлийг зохих тунгаар тогтмол хэрэглэх нь хамгийн зөв хэрэглээ билээ. Гэвч таныг өдөр тутамдаа таван цулын бүтээгдэхүүн хэрэглэхийг бид үгүйсгэхгүй юм.

 

Асуулт 10. Цусны сийвэн дэх Д аминдэмийн хэмжээгээ хэрхэн тогтоолгох вэ?

Хариулт. Д аминдэмийн дутагдлыг цусны сийвэн дэх завсрын нэгдэл болох 25(OH)D –аар тодорхойлдог. Уг нэгдлийг олон аргаар, янз бүрийн лабораторит үзэж болдог ч Олон Улсад Магадлан итгэмжлэлтэй (External Quality Assurance (EQA)), лабораторын давхар дотоод хяналттай (Internal Quality Control (IQC)) лабораторит шинжилгээ хийлгэх нь үнэн зөв хариу гаргахад чухал нөлөөтэй юм. Д аминдэмийн цусан дахь зохих түвшинг “Д аминдэм” гэсэн нийтлэлээс дэлгэрүүлж уншина уу.

 

Асуулт 11. Хүн насан туршдаа Д аминдэм уух хэрэгтэй юу?

Хариулт. Тийм. Таны хэрэглэсэн Д аминдэмийн тал хувь нь 14 хоногийн дотор биеэс гадагшилж, үлдсэн хэсэг нь бие махбодын үйл ажиллагаанд зарцуулагддаг тул Д аминдэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэх шаардлагатай.

 

Асуулт 12. Д аминдэмийн дутагдлын үед ямар сонгомол шинж тэмдэг илрэх вэ?

Хариулт. Д витамин дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ. Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйдаг. Насанд хүрсэн хүнд Д витамин  дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.

Хариултын ишлэл:

1.     Wagner CL, McNeil RB, Johnson DD, Hulsey TC, Ebeling M, Robinson C, et al. Health characteristics and outcomes of two randomized vitamin D supplementation trials during pregnancy: a combined analysis. The Journal of steroid biochemistry and molecular biology 2013;136:313-20.

2.     Dawodu A, Saadi HF, Bekdache G, Javed Y, Altaye M, Hollis BW. Randomized controlled trial (RCT) of vitamin D supplementation in pregnancy in a population with endemic vitamin d deficiency. The Journal of Clinical Endocrinology & Metabolism 2013;98(6):2337-46.

3.    Vieth R. Vitamin D supplementation, 25-hydroxyvitamin D concentrations, and safety. Am J Clin Nutr 1999;69(5):842-56.

 

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ТАЛААРХИ НИЙТЛЭГ АСУУЛТ, ТҮҮНИЙ ХАРИУЛТУУД

 

 

Асуулт 1.      Сүрьеэ өвчин эдгэдэг үү?

Хариулт. Тийм. Өвчтөн эмчийн зааврын дагуу эмчилгээгээ тасралтгүй, бүрэн хийлгэсэн тохиолдолд эдгэх боломжтой.

 

Асуулт 2. Сүрьеэ өвчин удамшдаг уу?

Хариулт. Сүрьеэ өвчин удамшдаггүй, халдварт өвчин юм. Таны гэр бүлд сүрьеэ өвчинтэй хүн байгаа бол та сүрьеэ өвчнөөр өвдөх эрсдэл бусад хүмүүсээс илүү гэсэн үг.

 

Асуулт 3. Сүрьеэ өвчин нь бусдад халдварладаг уу?

Хариулт. Тийм. Сүрьеэ нь халдварт өвчин юм. Тийм учраас сүрьеэ өвчинтэй хүмүүс ханиах, найтаах үедээ ам, хамраа таглаж бусдад халдвар тараахгүй байх хэрэгтэй. Өвчтөн сүрьеэгийн бүрэн эмчилгээ хийлгэснээс хойш 2 сарын дараа халдвар тараахаа больдог.

 

Асуулт 4. Сүрьеэгийн нян хүн бүрт халдварлах уу?

Хариулт. Сүрьеэгийн нян хүн бүрт халдварлах чадвартай. Та баян, ядуу гээд ямар ч хүн байсан сүрьеэгийн халдвар авах боломжтой.

 

Асуулт 5.      Сүрьеэ өвчинтэй хүн хэр удаан хугацаанд халдвар тараах вэ?

Хариулт. Эмчилгээ хийлгэж буй өвчтөн 2-4 долоо хоногийн дараа бусдад халдвар тараах нь зогсдог. Учир нь эмийн нөлөөгөөр цэрэн дэх микобактери устдаг.

 

Асуулт 6. Манай гэр бүлд нэг ч хүн сүрьеэгээр өвдөж байгаагүй, харин би яагаад сүрьеэгээр өвдсөн юм бол?

Хариулт. Сүрьеэ нь гэр бүлийн өвчин биш юм. Микобактерийн халдварын улмаас сүрьеэ өвчин үүсдэг. Сүрьеэ өвчинтэй хүн ханиах, найтаах, турхирах, эвшээх үед бактери агаараар дамжин бусдад халдварлах боломжтой.  Эрүүл хүн халдварлагдсан агаараар амьсгалвал сүрьеэ өвчнөөр өвдөх боломжтой. Тиймээс та халдварыг заавал гэр бүлийн гишүүнээс биш бусад хүмүүсээс авсан байж болно.

 

Асуулт 7. Бид сүрьеэтэй хүнээс хол байх хэрэгтэй юу?

Хариулт. Бид сүрьеэ өвчинтэй хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй юм. Харин үүний оронд, сүрьеэ өвчинтэй хүнд халдвар тараахгүй байх арга замуудыг сайтар сургах хэрэгтэй. Жишээлбэл; ханиах болон найтаах үедээ ам, хамраа таглах, цэрээ гадна орчинд хаяхгүй байх, эмчилгээгээ таслахгүй байх гэх мэт.

 

Асуулт 8. Сүрьеэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хариулт. Өвөрмөц шинж нь 3 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэртэй ханиалгах, халуурах, турах, хоолны дуршил буурах юм. Эдгээр шинжүүд 3 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар илэрвэл харьяа дүүргийн сүрьеэгийн диспансерт зайлшгүй үзүүлж оношоо тодруулах шаардлагатай.

 

Асуулт 9. Сүрьеэ өвчнийг оношлохын тулд ямар шинжилгээ хийдэг вэ?

Хариулт.  Сүрьеэгийн ямар хэлбэрийг илрүүлэх гэж байгаагаас шалтгаалан шинжилгээнүүд өөрчлөгдөнө. Сүрьеэгийн далд халдварт Мантугийн сорил, QFT шинжилгээ, идэвхитэй сүрьеэд цэрний түрхэцийн шинжилгээг эхний ээлжинд хийх шаардлагатай. Сүрьеэгийн диспансерт цэрний шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэг. Цэрийг цуглуулахдаа ханиалгах үетэйгээ давхцуулж, шүлсээ саванд оруулахгүйгээр хийх хэрэгтэй. Хэрэв цэр, шүлс хоорондоо холилдвол шинжилгээний хариу буруу гарах магадлалтай.

 

Асуулт 10.    Сүрьеэ өвчинтэй хүн тусгай хоолны дэглэм барих уу?

Хариулт. Өвчтөн хэвийн хоолны дэглэмээ солих шаардлагагүй юм.

 

Асуулт 11.    Сүрьеэ өвчинтэй хүн тамхи татаж болох уу?

Хариулт. Тамхи нь өвчний явцыг хүндрүүлж, зовиурыг нэмэгдүүлэх учраас аль болох тамхи татахгүй байх хэрэгтэй.

 

Асуулт 12.    Сүрьеэ өвчинтэй хүн архи ууж болох уу?

Хариулт. Архи нь сүрьеэгийн эсрэг эмийн гаж нөлөөг ихэсгэх магадлалтай юм.  Зарим эм нь дотор муухайрах, бөөлжих, шарлах зэрэг гаж нөлөөтэй байдаг. Өвчтөн эмийн хажууугаар архи хэрэглэвэл эдгээр гаж нөлөө илүү даамжрах аюултай.

 

Асуулт 13. Загас болон мах, махан бүтээгдэхүүн сүрьеэ өвчинд сайн нөлөөтэй юу?

Хариулт. Сүрьеэ өвчний үед тусгай хоолны дэглэм шаарддаггүй. Бүрэн эмчилгээ болон эрүүл зөв хооллолт нь өвчин эдгэрэхэд чухал нөлөөтэй.

 

Асуулт 14. Сүрьеэ өвчинтэй жирэмсэн эмэгтэй хүүхэддээ (урагт) халдвар тараах уу?

Хариулт. Үгүй.

 

Асуулт 15.    Сүрьеэгийн эм хэрэглэсний дараа таргалах уу?

Хариулт. Үгүй. Харин өвчтөн эмчилгээний явцад сайн амарч, илчлэг ихтэй хүнс хэрэглэснээс жин нэмэх магадлалтай юм.

 

Асуулт 16.    Бохир орчноос болж сүрьеэ өвчин үүсэх үү?

Хариулт. Шууд өвчин үүсэхгүй ч,  бохир орчин нь хүний биеийн дархлааг буруулдаг учраас сүрьеэгээр өвдөх эрсдэл нэмэгддэг.

 

Асуулт 17.    Сүрьеэ өвчинтэй эх хүүхдээ хөхүүлж болох уу?

Хариулт. Тийм. Гэхдээ эх хүүхдээ хөхүүлэхдээ амаа таглах, маск зүүх хэрэгтэй.

 

Асуулт 18.    Сүрьеэ өвчинтэй хүнтэй хамт амьдардаг бол гал тогоо ба унтлагын өрөөний хэрэгслээ тусгаарлах шаардлагатай юу?

Хариулт. Үгүй. Та эдгээр хэрэгслээ тусгаарлах шаардлагагүй юм.

 

Асуулт 19.    Эхнэр эсвэл нөхөр нь сүрьеэ өвчинтэй бол тусдаа амьдрах хэрэгтэй юу?

Хариулт. Үгүй. Эхнэр эсвэл нөхөр тань ханиалгахдаа амаа таглах, цэрээ энд тэнд хаяхгүй байх буюу эрүүл ахуйн дүрмийг сайтар сахисан тохиолдолд тусдаа амьдрах шаардлагагүй юм.

 

Асуулт 20.    Сүрьеэ өвчинтэй хүн сургуульд сурч, ажил хийж болох уу?

Хариулт. Бүрэн боломжтой.

 

Асуулт 21.    Сүрьеэгийн эмчилгээнд бүрэн эдгэсэн хүн дахиж өвдөх үү?

Хариулт. Өвчтөн бүрэн эмчилгээ хийлгэсэн бол дахиж сүрьеэгэээр өвдөх магадлал тун бага байдаг.

 

Асуулт 22. Сүрьеэ өвчний эмчилгээ хэр удаан үргэлжлэх вэ?

Хариулт. Ихэнхи тохиолдолд эмчилгээ нь 6 сарын хугацаатай үргэлжилнэ. Гэвч өвчтөний биеийн байдлаас шалтгаалж 1 жил хүртэл үргэлжилж болно. Өвчтөн эмээ тогтмол бүрэн хэрэглэсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой. Харин эмээ дутуу хэрэглэх, тасалдах тохиолдолд сүрьеэ өвчин хүндрэх, эмэнд дасалтай болох аюултай юм.

 

Асуулт 23.    Сүрьеэ өвчний эмчилгээ нь үнэ төлбөртэй юу?

Хариулт. Бүх эмчилгээ үнэ төлбөргүй байдаг.

 

Асуулт 24.    Сүрьеэ өвчинтэй хүн өөр өвчний эм хэрэглэж болох уу?

Хариулт. Тийм. Зарим өвчнүүд жишээлбэл; чихрийн шижин, эпилепси, зүрхний өвчний эмийн тунг сүрьеэгийн эмтэй хавсран хэрэглэх тохиолдолд тунг тааруулах шаардлагатай байдаг тул та эмчлэгч эмчтэйгээ зөвлөж эмийн тунгаа тааруулаарай.

 

Асуулт 25.    Сүрьеэгийн эм гаж нөлөөтэй юу?

Хариулт. Ихэвчилэн гаж нөлөөгүй байдаг. Зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болдог. Гэвч эдгээр шинжийг эмчдээ хэлж шийдэх боломжтой.

 

Асуулт 26. Жирэмсэн эмэгтэй сүрьеэгийн эм хэрэглэж болох уу?

Хариулт. Тийм. Одоо хэрэглэгдэж байгаа сүрьеэгийн эм нь жирэмсэн эмэгтэй уух заалттай буюу аюулгүй юм.

 

Асуулт 27.    Сүрьеэ өвчинтэй хүний гэр бүлийн гишүүд бүгд эмчийн үзлэгт орох шаардлагатай юу?

Хариулт. Зөвхөн 3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгасан хүмүүс цэрний шинжилгээ өгнө. Мөн 5 –аас доош насны хүүхэд Мантугийн сорил тавиулж, халдвар авсан эсэхээ шинжлүүлнэ. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн зааврын дагуу эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.

 

Асуулт 28.    Сүрьеэ өвчинтэй хүн бүр эмнэлэгт хэвтэх үү?

Хариулт. Хүн бүр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Өвчтөний биеийн байдал муу бол эмнэлэгт хэвтэнэ.

 

Асуулт 29.    Яагаад эмч нар сүрьеэ өвчинтэй хүнд өөр тооны эм өгдөг вэ?

Хариулт. Учир нь эмийн тоо болон тун нь өвчний шинж тэмдэг, явцаас шалтгаалж хүн бүрт өөр байдаг.

 

Асуулт 30.    Таны дотны хүн сүрьеэ өвчнөөр өвдсөнийг хэрхэн мэдэх вэ?

Хариулт. Хэрэв таны дотны хүн 3 –аас дээш долоо хоног ханиалгавал сүрьеэ өвчин туссан байх магадлалтай юм. Тиймээс цэрний шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдан, сүрьеэ өвчнийг оношлуулна.

 

Асуулт 31.    Сүрьеэ өвчинтэй хүн цэрээ хэрхэн хаях вэ?

Хариулт. Тагтай саванд цэрээ цуглуулсны дараа устай хольж 15 минут орчим буцалгаад урсгал усанд гойжуулж хаяна.

 

Асуулт 32.    Сүрьеэгээр өвдөх өндөр эрсдэлтэй бүлэгт ямар хүмүүс багтах вэ?

Хариулт. Сүрьеэ өвчинтэй хүнтэй хамт амьдарч байсан, хоол тэжээлийн дутагдалтай буюу тураалтай, уушги тоосжих өвчинтэй, чихрийн шижин өвчинтэй, архи хэрэглэдэг, хар тамхинд донтсон хүмүүс сүрьеэгээр өвдөх өндөр эрсдэлтэй.

 

Асуулт 33. Сүрьеэ өвчний үед тогтмол тариа хийлгэх үү?

Хариулт. Байнга тариа хийлгэх шаардлагагүй. Анх оношлогдож эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд капсултай эм уудаг. Харин сүрьеэ өвчин дахисан эсвэл олон эмэнд тэсвэртэй хэлбэр үүссэн тохиолдолд тариа хийлгэдэг.

 

Асуулт 35. ДОТС гэж юу вэ?

Хариулт. ДОТС гэж товчлон хэлдэг сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний зарчмыг цөөн үгээр хэлвэл эмчилгээний бүх л хугацаанд хэн нэг хүн таны эмийг хянаж уулгана гэсэн үг юм. Манай оронд эмийг хяналттайгаар уулгах олон төрлийн хэлбэрийг хэрэглэдэг ба эмээ уухад тань тусалж хянах хүмүүс нь сүрьеэгийн диспансерийн эмч, сувилагч, эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд, өрхийн эмч, сумын эмч мөн түүнчлэн танай гэр бүлийн гишүүн ч байж болно. Глобаль сангийн дэмжлэгтэй төслөөр Улаанбаатар хотын дүүргүүд, аймгийн төвүүдэд байгуулагдсан хоол эмчилгээний цэгээр мөн хяналттай эмчилгээг хийлгэж болно. Эмчийн зөвлөмжийн дагуу хяналттай эмчилгээний хэлбэрийг та өөрөө сонгоно.

 

Асуулт 36. Олон эмэнд дасалтай сүрьеэ гэж юу вэ?

Хариулт. Хэрэв та эмээ эмчийн зааврын дагуу тохирсон тун хэмжээгээр нь тогтмол уухгүй бол сүрьеэгийн нян эмүүдэд тэсвэртэй болно. Энэ нь эм нянг устгаж чадахгүй боллоо гэсэн үг юм. Олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөн өвөрмөц эмүүдээр эмчлэгдэх шаардлагатай болдог. Эдгээр эмүүд нь сүрьеэгийн эсрэг хэрэглэдэг бусад эмүүдээс илүү гаж нөлөө ихтэй байдгаас гадна эдгэрэх магадлал ердөө л 30 %-тай байдаг нь хамгийн муу мэдээ юм.

 

Асуулт 37. Эмийн дасал нь ямар хүмүүст тохиолдох эрсдэлтэй вэ?

Хариулт.

-       Эмээ эмчийн өгсөн тун заавраар хэрэглэхгүй байгаа

-       Өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан ба эмчилгээг бүрэн төгс хийлгээгүй

-       Эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөл өндөр газраас ирсэн

-       Эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөнтэй хамт байсан.

-       Эмээ тогтмол тууштай уухгүй байгаа

 

Асуулт 39. Дахин сүрьеэгээр өвчлөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

Хариулт. Сүрьеэ нь нэг л өвдсөн бол дахин өвддөггүй зарим нэгэн халдварт өвчинтэй адилгүй. Хэдийгээр өвчлөөд эмчилгээ хийлгэн эдгэрсэн ч дахин өвчлөх магадлалтай. Иймээс амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх, ажил, амралтаа зохицуулах, харанхуй чийгтэй орчин хүйтэн нөхцөлд ажиллахаас зайлсхийх, өрөө тасалгаагаа байнга агааржуулж нар, салхи оруулах, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх нь өвчин дахихаас сэргийлэхэд тустай. Мөн архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах нь таны эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм.

 

Асуулт.40. Бид сүрьеэгээр өвчилсөн нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Хариулт. Хэрэв дотны тань хэн нэгэн нь сүрьеэгээр өвчилсөн бол эмчилгээгээ тогтмол тууштай хийлгэж бүрэн төгс эдгэрэх, өвчнийг даамжруулахгүй, бусдад халдвар тараахгүй байхад  гэр бүлийн бусад гишүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдэнд эмээ уухыг нь сануулах, ямар нэгэн эмийн гаж нөлөө, биеийн байдалтай нь холбоотой асуудал гарвал эмчид хандах, ажил амралтаа зохицуулахад нь туслах гэх мэт та бүгдийн зүгээс үзүүлэх тус дэм маш чухал юм.

 

Нийтлэлч: Г.Ганцэцэг

Имэйл хаяг:

"Улаанбаатар хотын cургуулийн насны  хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалахад Д аминдэм нөлөө” судалгааны үйл явц

Эцэг эхчүүд хүүхдээ судалгаанд хэрхэн хамруулсан болоод судалгааны явцын талаархи мэдээллийг та бүхэнд танилцуулъя.

Судалгааг хэрэгжүүлэх төлөвлөгөө:

Зургийн тайлбар: Судалгааны бэлтгэл ажлыг 2014 онд эхлүүлж, 1 жилийн турш судалгааны мэргэшсэн баг, бусад шаардлагатай материалыг бэлтгэн, 2015 онд судалгааг албан ёсоор эхлүүлж, нийт 10 000 гаруй хүүхдийг хамруулж, 3, 4, 5 дахь жилд буюу 3 жилийн хугацаанд дагаж судлан 5 дахь жилд дүн шинжилгээг хийнэ.

2017 оны 1 сарын байдлаар судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 16 сургуулийн нийт 10573 хүүхдийг хамруулсан.

 

 

Судалгааны зөвшөөрөл авах эцэг эхийн хурлыг 11470 хүнд хийж, сүрьеэ өвчин болон Д аминдэмийн талаар мэдээлэл олголоо.

 

 

Эх орондоо анх удаа 9000 орчим хүүхдэд орчин үеийн шинжилгээний аргаар (IGRA, QFT-G) сүрьеэгийн далд халдварыг илрүүллээ.

Шинжилгээний дүнд 900 гаруй хүүхдэд сүрьеэгийн далд халдвар илэрч, ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орлоо.

Эмчийн үзлэгт орсон хүүхдүүдээс идэвхитэй сүрьеэ оношлогдож сүрьеэгийн  эмчилгээг эхлүүлээд байна.

Судалгааны явцад өдөр тутам хийгддэг үйл ажиллагаанаас та бүхэнд танилцуулахад: 2015 оны 9 сараас хойш 1 жил 4 сарын хугацаанд судалгаанд оролцогчдыг даган судлахдаа;

15 сургуулийн нийт 9000 орчим хүүхэд тус бүрт 7 хоногт 1 удаа бэлдмэл уулгадаг.

 

 

Хүүхэд тус бүрт биеийн хөгжлийн хэмжилтийг жил бүр болон улирал тутамд хэмждэг. Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу лабораторийн (Мантугийн сорил эсвэл IGRA) шинжилгээг хийдэг.

 

Сурагчдын зуны амралт, улирлын амралтын үед стандартын дагуу хадгалж, ууталсан судалгааны бэлдмэлийг хүүхдийн эцэг эхэд өгч явуулан, операторын баг өдөр бүр утсаар ярьж бэлдмэл уултыг хянадаг.

Судалгааны явцад УБ хотын 6-13 насны хүүхдийн дундах СДХ-ын тархалтыг анх удаа тодорхойлсон, идэвхитэй сүрьеэ өвчинтэй хүүхдийг оношилж эмчилгээнд хамруулсан зэрэг сүрьеэгийн оношлогоо, эмчилгээнд ахиц гарахуйц олон үр дүн гарсаар байна.

Манай баг судалгаанд оролцогчдыг 3 жилийн турш дагаж судлах төлөвлөгөөтэйгээр маш шаргуу ажилласаар байна.

 

Нийтлэлч: Г.Ганцэцэг

Имэйл хаяг: info@mhi-g.org

 

 

© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв