“Монгол Улсын насанд хүрэгчдийн дунд Д амин дэм болон бусад бичил элементүүдийн түвшинг тодорхойлох судалгаа”

Энэхүү судалгаа нь 2011 оноос хойш Улаанбаатар хот , Өмнөговь, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Ховд, Дорнод, Төв аймгуудад хийгдсэн. Судалгаанд нэг аймгаас 40 хүнийг хамруулсан ба жилд 2 удаа буюу өвөл, зуны улирлуудад судалгааг явуулсан. Одоогийн байдлаар нийт 419 хүн судалгаанд хамрагдаад байна.

Судалгаанд аймгийн төвийн эрэгтэй 10, эмэгтэй 10, хамгийн ойр сумаас эрэгтэй 10, эмэгтэй 10 нийт 40 хүн хамрагдаж байгаа бөгөөд оролцогчын судаснаас цус авах болон хоол хүнсний асуумж авах гэсэн 2 хэсэгтэй.

Зургийн тайлбар. АУ-ны доктор Д.Ганмаа судалгаанд оролцогчоос асуумж цуглуулж байна.

Жинлэсэн хоол хүнсний асуумж авахад нэг хүнийг 3 өдөр нэг дагалдагч /оюутан эсвэл бэлтгэгдсэн судлаач/ дагаж хоол хүнсийг нь бүртгэдэг. Жинлэсэн хоол хүнсний бүртгэлээр бид Монгол улсын насанд хүрэгчдийн дунд бичил бодисын ерөнхий байдал болон хэрэглээг тогтоохыг зорьж байна.

Жинлэсэн хоол хүнсний тэмдэглэл нь жинлэлт хийсэн байхаас гадна оролцогчийн тухайн хугацааны турш идсэн бөгөөд уусан бүх зүйл, бохь, уудаг ус зэрэг ердийн мэт зүйлийн тайлбар, нэр, хоолонд орж буй орц, жинлэх үеийн төлөв байдал, хоолны орцны жин, бэлтгэж болгосон хоолны жин, идсэн хоолны порцны жин зэрэг мэдээллийг багтаах ёстой юм. Хожим эдгээр тэмдэглэлүүд нь Америкын хоол хүнсний найрлагын мэдээллийн сан Nutri Survey 2007 software -ийг ашиглан тухайн оролцогчийн авч хэрэглэж байгаа бичил бодисыг тооцоолоход хэрэглэгдэх болно.

Зургийн тайлбар. MHI-ын судлаачид Булган аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдэд жинлэсэн хоолны бүртгэл хийх сургалт явуулж байна. 

Зургийн тайлбар: Холимог найрлагатай хоолыг бэлтгэх явцад орцыг цуглуулан жинлэж байна.

Цусны шинжилгээг тухайн аймаг, сумын эмнэлэг дээр мэргэжсэн эмч, сувилагч цуглуулж, цуглуулсан цусны ийлдсийг -18 градуст тээвэрлэж, -86 градуст гүн хөлдөөгчинд АШУҮИС-д хадгалдаг. Бид дээрхи оролцогчдын цусны ийлдсэнд цайр, ретинол, трансферрины рецептор, фолийн хүчил, В12 аминдэм, селен, C-reactive protein, альфа-1 гликопротейн зэргийг тодорхойлохыг зорьж байна.

Зургийн тайлбар. АУ-ны докторант Д.Цэлмэн судалгаанд оролцогчдын цусны шинжилгээг цуглуулж байна.

Судалгаанд хамруулсан эхний 6 аймгийн урьдчилсан үр дүнгээр нийт оролцогчдын 98.5% нь өвлийн улиралд, 37.9% нь зуны улиралд Д аминдэмийн дутагдалтай (<50 нмоль/л) байсан. Мөн Монголын насанд хүрэгчид нь эрдэс бодисын хэрэглээ өндөр, харин фолийн хүчил, эслэг, фитатын хэрэглээ дутагдалтай, харин бусад төрлийн В аминдэм, кальци, А аминдэмийн хэрэглээ хангалттай. Цаашид Монгол орны нөхцөлд улаанбуудай, сүү, наранцэцгийн тос, будаа, гурилын хөрөнгө, элсэн чихэрийг баяжуулах ялангуя фолийн хүчил, Д аминдэмээр баяржуулах шаардлагатай гэж үзсэн. Хот болон хөдөөгийн насанд хүрэгчдийн дунд макроэлементийн үнэлгээрээр нийт өөх тос болон архины хэрэглээ нь өндөр байгаа нь тодорхойлогдсон.

Бид цаашид судалгааг 2020 он хүртэл үргэлжлүүлж 21 аймгийн малчин болон оффисын ажилчдыг судалгаандаа хамруулж, Д аминдэм болон бичил элементүүдийн түвшинг тогтоох зорилготой байна.

© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв