СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРЫН ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГОО

 (QUANTIFERON®-TB GOLD IN-TUBE )

Саяхныг хүртэл Мантугийн сорилоор л сүрьеэгийн халдварыг илрүүлдэг байсан. 2001 онд АНУ улсад интерферон гамма (INF-γ) тодорхойлох шинжилгээг ашиглаж эхэлснээр сүрьеэгийн халдварыг илүү нарийвчлалтай тодорхойлох боломж бүрджээ. 2005 онд INF-γ тодорхойлох шинжилгээг АНУ-ын Хүнс ба Эмийн хэрэглээг зохицуулах газар (U.S. Food and Drug Administration) –аас баталгаажуулсан бөгөөд одоогоор олон улсад хоёр хэлбэрээр ашиглагдаж байна;

 1) QuantiFERON®-TB Gold assay (QFT-G)

 2) T-SPOT®.TB assay

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уг хоёр аргын аргачлал нь бага зэрэг ялгаатай ч интерферон гаммаг илрүүлдэг шинжилгээний зарчим нь нэг  юм. Эдгээр шинжилгээ нь сүрьеэгийн далд халдвар авсан болон сүрьеэгээр өвчилсөн хүнд Mycobacterium tuberculosis цогц бүрдэл (Mtb) –ийн халдвар байгаа эсэхийг оношлодог ач холбогдолтой.

Бид судалгаандаа QFT-G ашигласан учраас уг аргын талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. QFT-G нь ESAT-6, CFP-10 болон TB7.7 уурагтай төстэй бүрдлийг ашиглан лабораторийн нөхцөлд гепаринжуулсан бүхэл цусны эсүүдийг өдөөдөг арга юм. Өөрөөр хэлбэл фермент холбоот эсрэгбиеийн урвал ашиглан INF-γ -ыг илрүүлснээр M.tuberculosis халдварын үед илэрдэг пептид антигенүүдийн хариу урвалыг лабораторийн нөхцөлд илрүүлж, M. tuberculosis халдварыг шууд бус аргаар оношлоно.

QFT-G шинжилгээний өвөрмөц чанар 99%, мэдрэг чанар 84% гэж тодорхойлсон [1]. Судлаачид БЦЖ вакцинжуулалтын хамрагдалт өндөртэй орнуудад сүрьеэгийн халдварыг оношлоход хамгийн тохиромжтой шинжилгээ гэж үздэг. Манай орны хувьд БЦЖ вакцины хамрагдалт 99% байдаг [2].

ESAT-6, CFP-10, and TB7.7 нь сүрьеэ үүсгэдэг Mtb цогц бүрдэл болон сүрьеэгийн бус микобактери (M. kansasii, M. szulgai, M. Marinum)-т кодлогдсон, харин М.bovis (БЦЖ) болон бусад сүрьеэгийн бус микобактерт агуулагддаггүй уургууд юм. M. tuberculosis бүрдлээр үүсгэгдсэн сүрьеэгийн халдвар авсан хүний цусанд тэдгээрийг болон бусад микобактерийн антигенийг таньдаг лимфоцит үүсдэг. Энэ таних процесст IFN-γ цитокин оролцдог. Сүрьеэгийн халдварын үед ялгарсан IFN-γ-ыг илрүүлээд, тоон үзүүлэлтийг гаргах нь энэхүү шинжилгээний үндэс юм. Өөрөөр хэлбэл QFT-G-д ашигладаг антиген нь ESAT-6, CFP-10, and TB7.7 уургуудыг өдөөдөг пептидийн холимог юм. Эдгээр пептид антигенүүд нь зөвхөн M. tuberculosis халдвар авсан хүний Т эсээс ялгарах IFN-γ хариу урвалыг өдөөх чадвартай, халдвар аваагүй болон БЦЖ вакцин хийлгэсэн, сүрьеэгийн далд халдвар авах эрсдэлгүй хүмүүст IFN-γ хариу урвал өдөөдөггүй гэдэг нь хэд хэдэн судалгаагаар батлагдсан.

Мантугийн сорил болон QFT-G шинжилгээний давуу болон сул талыг доорхи хүснэгтэнд харуулав.

Эерэг хариу нь Mtb бүрдлийн халдвар авсныг илтгэх боловч бусад төрлийн микобактерийн халдварын (M. kansasii, M. szulgai, M. Marinum) үед мөн эерэг хариу гарах боломжтой. QFT-G нь идэвхитэй ба далд сүрьеэг хооронд нь ялган оношлохгүй.

Манай оронд QFT-G шинжилгээг нутагшуулж байгаа “G Lab” нь;

  • Олон Улсад Магадлан итгэмжлэлтэй - External Quality Assurance (EQA)

  • Лабораторын давхар дотоод хяналттай – Internal Quality Control (IQC) учраас QFT-G шинжилгээний хариу Дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөнө.

 

Эх сурвалж:

  1. Interferon-Gamma Release Assays (IGRAs) - Blood Tests for TB Infection. 2016; https://www.cdc.gov/tb/publications/factsheets/testing/igra.htm.

  2. Estimates of national immunization coverage: 2015 revision. 2016.

 

Нийтлэлч: Г.Ганцэцэг

Имэйл хаяг: info@mhi-g.org 



© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв